© ALDAA.MN 2011-2022
11-р сарын 26, Бямба
Улаанбаатар хот

" Шалгалтдаа тэнцээгүй эмч нарыг улсын зардлаар резидентэд сургах квотод багтаах нь шударга бус"

Эмч нарын үндсэн мэргэшлийн сургалт буюу резидентийн 2022-2023 оны хичээлийн жилийн элсэлтийн шалгалт өнгөрсөн долоо хоногт зохион байгуулагдсан.

Гэвч дээрх элсэлтийн шалгалт нь эмч нарын дунд шударга бус байдлыг бий болгож байгааг шалгуулагчид эсэргүүцэж, Эрүүл мэндийн хөгжлийн төвд шаардлага тавьжээ.

Тодруулбал, их эмчээр төгсөгчид хоёр жилийн дараа үндсэн мэргэшил олгох курс буюу резидентэд суралцах ёстой байдаг. Ингэхдээ тэд улсын болон хувийн зардлаар гэсэн хоёр ангиллаар Эрүүл мэндийн хөгжлийн төв болон АШУҮИС-д элсдэг бөгөөд улсын зардлаар сурах эмч нарыг зөвхөн цаанаас тогтоосон квотын дагуу ЭМХТ элсүүлдэг аж.

Гэвч шалгалтад тэнцээгүй болон шалгалт өгөөгүй улсын эмч нарыг тухайн квотод зориуд багтаахаар сул үлдээж байгаа нь шударга бус гэж шалгуулагчид үзэж байна.

Энэ тухай нэрээ нууцалсан эмч хэлэхдээ "Улсаас зардлыг нь олгож байгаа резидентийн квотод бүх эмч нар шалгалтын оноогоороо шударга жагсах ёстой.

Гэтэл Эрүүл мэндийн хөгжлийн төв хувийн эмнэлэгт эсвэл бүр эмчээр түр хугацаанд ажиллаагүй хүмүүсийг резидентээр сурах ямар ч боломж үлдээхгүй байна. Тодруулбал, улсын эмнэлэгт ажилладаг эмч нар улсын зардлаар суралцах хүсэлтээ тус төвд гаргадаг. Тэдний хүсэлтийг ЭМХТ хүлээж аваад хувийн зардлаар сурах хүмүүстэй хамт нэгдсэн шалгалт авдаг.

Ингэхдээ улсын эмнэлэгт ажилладаг эмч нарыг тухайн шалгалтдаа тэнцсэн эсэхээс үл хамааран улсаас олгосон квотод багтаан суралцуулах нь шударга бус явдал. Бид хувийн зардлаар ч болов сурах гээд нүдээ чилтэл тест хараад ч шударгаар үнэлэгдэхгүй байна.

Эрүүл мэндийн хөгжлийн төв улсын зардлаар сурах хүсэлтэй эмч нарын оноо нь тухайн үндсэн мэргэшлийн шалгалтын босгыг давахгүй байсан ч автоматаар квотод багтааж байна. Хүний сурах хүсэл, оюуны түвшнийг ингэж ялгаварлаж болохгүй. Тиймээс энэ эмч нарыг шударга өрсөлдүүлж сургах ёстой гэх шаардаж байна.

Бүр улсын зардлаар сурах хүсэлт гаргасан мөртлөө шалгалтдаа ороогүй зарим хэнэггүй эмчийн орон тоог үлдээчихсэн байгаа нь бухимдал төрүүлж байна.

Ядаж шалгалт өгөөгүй хүмүүсийн орон тоонд хувиараа шалгалт өгөөд улаан шугамд тэнцээгүй хүмүүсийг оноогоор нь жагсааж резидентийн квотод оруулж өгөхийг шаардаж байна.

Энэ нь резидентэд сурахаар бэлдсэн олон эмч нарын сурч хөгжих хүсэлт тэмүүллийг боогдуулсан явдал гэж харж байна" гэлээ.

Тэдний тавьж буй шаардлагын хариуг Эрүүл мэндийн хөгжлийн төвөөс 14:00 цагт өгөх аж.

Шинэ мэдээ
Их уншсан
цааш үзэх
Уншиж байна ..